Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойн баярын жагсаал эхэллээ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-05-09 15:41:52
Москва /МОНЦАМЭ/. ОХУ болон ЗХУ-ын бурэлдэхүүнд байсан улсууд Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ой, Ялалтын баярыг 5 дугаар сарын 9-ний энэ өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна. 
 1945 оны энэ өдөр 6 жил үргэлжилсэн Эх орны дайн буюу Дэлхийн II дайн дуусч нацист Герман улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар ЗХУ ялалт байгуулж дэлхий дахинд энх тайван авчирсан билээ. Тиймээс энэхүү ялалтыг Оросын ард түмэн баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлснээр өнөөдрийг хүрсэн.
1945 оны 6 сарын 24-ний өдөр Ялалтын баярын цэргийн анхны парад Москва хотын Улаан талбайд болсон бөгөөд үүнээс хойш улс орныг сэргээн босгох ажилд илүүтэй анхаарч, Ялалтын баярыг 20 жил тэмдэглээгүй өнгөрүүлсэн байдаг.
Харин 1995 оноос хойш Бүх Орос даяар Ялалтын баярыг жил бүр сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. 
Энэ жилийн Ялалтын баяр уламжлалт ёсоор ОХУ-ын зүүн хязгаар Алс дорнодын Өмнөд-Сахалинск мужид Москвагийн цагаар шөнийн 02:00 цагт эхэлсэн. Мөн ОХУ даяар Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны баярт зориулан мянга мянган арга хэмжээ болж байна. Мэдээж нийслэл Москва хотод Ялалтын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Уламжлал ёсоор Москвагийн цагаар 10 цагт Улаан талбайд Ялалтын баярын парад эхэллээ. Улаанталбайн парадад 150 газраар явагч дайны техник хэрэгсэл, 75 онгоц, нисдэг тэрэг оролцож байна.  
73 дахь Ялалтын баярын парадыг ОХУ-ын Явган цэргийн ерөнхий командлагч О.Салюков удирдаж, хүндэтгэлийн тавцанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын БХЯ-ны Сайд С.Шойгу болон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд байрлалаа эзэлжээ.
Ялалтын баярт зориулан соёл урлагийн олон арга хэмжээг Москва хотын захиргаа хотын төвд зохион байгуулна. Оддын тоглолт, фото зургийн үзэсгэлэн, хөгжөөнт уралдаан тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа энэ өдөр болно. Ялалтын баяр уламжлал ёсоор баярын салютаар өндөрлөнө.
 Энэ өдөр Москва хотын 33 цэгт ёслолын буудлага үйлдэх бөгөөд тэдгээрийн хамгийн үзүүштэй шоуг хотын оршин суугчид болон зочдод толилуулах юм. Москвагийн цагаар 22:00 цагт эхлэх ёслолын буудлагын үеэр 80 мянган удаа салют буудах юм байна.   
Л.Нандинцэцэг
 
 
 

Холбоотой мэдээ