Хүмүүнлэгийн үйлсийг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-08 13:42:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаан Загалмай Хорооноос Олон улсын "Хүмүүнлэгийн өдөр"-ийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, гишүүд дэмжигчид, олон нийтийг үйл ажиллагаандаа татан оролцуулах зорилгоор өнөөдөр Алтай хотноо "Хүмүүнлэг" үйлсийн нээлттэй хаалганы арга хэмжээг зохион байгуулж байна. 
Тус арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга, Улаан Загалмай Хорооны дарга Т.Ганзориг хэлсэн үгэндээ, Байгалийн доройтол, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл болоод нийгэмд ядуурал буурахгүй байгаа энэ цаг үед хүмүүнлэгийн үйлсэд эвлэлдэн нэгдэцгээж, бие биеэ хайрлах, халуун дотно уур амьсгалыг бэхжүүлэхэд ард иргэдийн оролцоо чухал юм хэмээн онцолсон юм.
Арга хэмжээний үеэр тус аймгийн Улаан Загалмай Хорооны сайд дурын идэвхтэн гишүүдийн хийсэн дээл хувцасны үзэсгэлэн худалдаа дэлгэгдэн олны хүртээл болохоос гадна өсвөр үеийнхэн Улаан Загалмайн Хорооны сайн дурын идэвхтэн гишүүнээр элсэх, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд уриалах, цаашлаад ахмад настнуудыг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, иргэдийн дархлааг дэмжих амин дэм, витаминыг хямралтай үнээр олгох үйл ажиллагаанууд явагдаж байна.  
Говь-Алтай аймгийн Улаан Загалмай Хороо нь одоогоор 8800 гаруй гишүүнтэйгээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн энэ өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг билээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ