Үндэсний бичгийн "Сайхан бичигтэн"-үүдийг тодруулж, шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт тохиох "Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр"-ийг угтан зохион байгуулсан "Сайхан бичигтэн" шалгаруулах уралдааныг дүгнэж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг нь гардууллаа.
Уралдааныг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Нийтийн номын сан хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төв болон хөдөө сумдын хорь гаруй сургуулиас 300 гаруй бүтээл оролцжээ. Оролцогчид дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлгийн хэсгээс бичиж ирүүлжээ. Уралдааны эхний шатыг тухайн сумын сургууль дээр, хоёрдугаар болон гуравдугаар шатыг нь аймгийн БСУГ-т явуулсан байна.
Бүтээл шалгаруулах комиссын шийдвэрээр насанд хүрэгчдээс Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн багш Б.Ариунзул, сурагчдаас "Дарын" цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ж.Тамаша нар тус тус тэргүүн байр эзэлж, "Сайхан бичигтэн"-ээр тодорлоо.
"Баян-Өлгий аймагт энэ жил Үндэсний бичиг үсгийн өдрийг угтсан арга хэмжээнүүдийг анх удаагаа өргөн цар хүрээтэй зохион байгууллаа. Мөн аймгийн хэмжээнд монгол бичгийг сурталчлах сарын аян өрнүүлж, түргэн уншлага, бүтээлийн үзэсгэлэнгийн уралдаануудыг давхар явуулснаараа онцлогтой боллоо" гэдгийг аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Т.Ермек онцоллоо.