Зохиолчдын гэрэл зураг, гар бичмэлээр үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-04 15:12:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2018”-ын хүрээнд үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах зорилготой  “Зохиолчдын гэрэл зураг, гар бичмэл”-ийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Үндэсний номын санд болов.
 
“Зохиолчдын гэрэл зургийн үзэсгэлэн”-д Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Э.Оюун тэргүүтэй зохиолч найрагчдын зураг хөрөг, уншигчдын сэтгэл зүрхэнд хэзээд танил дотно хэвээр үлдэх ховор нандин 300 гаруй зургийн хальснаас 70 гаруй зургийг дээжлэн дижитал хэлбэрт буулган уншигчдад хүргэж буйгаараа онцлогтой.
 
“Гар бичмэлийн үзэсгэлэн”-д Монголын нэрт зохиолч Б.Ринчин, Т.Галсан, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ш.Лувсанвандан, Ч.Ойдов, Д.Урианхай, Б.Догмид нарын зохиол бүтээлийн эх гар ноорог, хуулбар, гар бичмэл, захидал, орчуулга зэрэг нийт 500 гаруй хуудас материал крилл болон монгол бичгээр уншигчдын өмнө гар бичмэлийн үзэсгэлэн хэлбэрээр гарч буй юм.
 
Тус үзэсгэлэн энэ сарын 06-ныг дуустал Монголын Үндэсний номын сангийн Нийтийн уншлагын танхимд олны хүртээл болно.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ