Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-24 14:05:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Н
ээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож үг хэлэв. Энэ үеэр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторигийн мэндчилгээг уншиж танилцууллаа.
М
онгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, энэхүү хуралдаан нь ирэх 7 дугаар сард болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын сүүлийн бэлтгэл хуралдаан болж буйгаараа онцлог гэдгийг дурдаад, 2017 оны 2 дугаар сард зохион байгуулсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах,тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн хоёр жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал” хэмээн онцоллоо. 
Өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг Улсад зохион байгуулсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагнаж байна. Мөн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Түүнчлэн  ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцоно гэж хурлын хөтөлбөрт дурджээ.  Хурал үргэлжилж байна.
Ж.Батсайхан


Холбоотой мэдээ