Шугам задарч, халаалт зогссон гэх гомдол тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:20:00

Хүйтний эрч чангараагүй байхад зарим орон сууцны айл өрхүүд даарч байгаа тухай гомдлыг  70321111 утсанд тасралтгүй тавих боллоо.

48, 52 айлын орон сууцны шугам задарсан, халаалт өгөхгүй байна гэх зэрэг гомдол, мэдээллийн мөрөөр ажиллахад шугам задарснаас үүдэн дулаан үйлдвэрлэгч компани дулаанаа хааж, харин СӨХ-өөс засварлах мөнгөний боломжгүй, Онги ус суваг ТӨҮГ-аас харьяа обьект биш хэмээн дунд нь эзэнгүй орхигдсон байв.

Эцэст нь Онги ус суваг ТӨҮГ-аас шугамыг сольж өгчээ. Мөн 36, 52 айлын 00 давхрын бохирын шугам задарсныг Онги ус суваг ТӨҮГ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Энхбат нар хөөцөлдөн орон нутгаас 5 сая төгрөг тавиулснаар бохирын шугам солих ажил явагдаж байна.

Хэдийгээр сүүлийн гурван жилд улсын болон орон нутгийн төсөв, Азийн хөгжлийн банкны санхүүжилт болох 10 гаруй тэрбум төгрөгөөр Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээг сольж, шинэчилж байгаа ч зарим нэг орон сууц, байгууллагуудын шугам сүлжээ шинэчлэгдэж дуусаагүй юм. Улс орны эдийн засгийн хямралтай холбогдуулан шугам сүлжээ шинэчлэх ажил цаашид хийгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн "Зарим айл өрхүүд 2-3 жилээр халаалтын мөнгөө өгөөгүй, дээд тал нь 1 сая орчим төгрөгийн өр үүсгээд явж байгаа. Тийм айлууд бусдын далбаан дор халаалтаа авах гэж элдэв хэл ам хийдэг учраас 70321111 утсанд өгсөн гомдлын эздийг судалж үзнэ. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны хууль, журамд төлбөрөө төлөөгүй айл өрхийг шүүхэд өгч болох тухай заасан байдаг. Бид энэ заалтыг ч хэрэгжүүлнэ. Шугам сүлжээний асуудлыг ондоо багтааж шийднэ" хэмээн Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж хэлж байлаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ