Цогт суманд Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-14 14:05:14
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сумын ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус сумд өрхийн Эрүүл мэндийн төвийн барилгыг улсын төсвөөр барьж, энэ онд ашиглалтад оруулахаар өнөөдөр шавыг нь тавилаа.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд аймгийн удирдлагуудын хамт албан ёсоор оролцов. Тэд мөн тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсон, 2018 онд аймгийн хэмжээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж мэдээлэв. 94 жилийн түүхтэй Цогт сум нь аймгийн төвөөс 187 км-ын зайд оршдог ба долоон багийн 3500 гаруй хүн амтай. Түүнчлэн мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр байрт ордог тус аймгийн ууган сумын нэг юм. Мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий "Ээж хайрхан уул" түүний есөн тогоо, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Говийн их дархан цаазат газар "А" хэсэг байдгаараа онцлогтой нутаг юм. Уг сумын малын тоо нь жилээс жилд өсч хүн амын амьжиргааны чадавх өсөн нэмэгдэж улс эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан явдалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ