Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэтгэлийн уулзалт" ажил хэрэгч боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-02 18:06:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ШЕЗ, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн (сахилгын) хорооны үе үеийн дарга, гишүүдийн "Хүндэтгэлийн уулзалт” өнөөдөр ШЕЗ-ийн хурлын танхимд боллоо. 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг уулзалтаар шүүхийн захиргааны байгууллагын үүсэл, хөгжил, амжилт, ололтод үе үеийн дарга, гишүүдийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг хэлэлцэж, туршлага хуваалцсан юм. 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны хуралдааныг гавьяат хуульч Н.Чадраабал даргалан 10 асуудал хэлэлцэж, анхны тогтоолоо баталж байсан түүхтэйг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж дурсаж, хүндэт зочдод хүндэтгэл үзүүллээ.үндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Шүүхийн ерөнхий зөвлөл 1993, 2002, 2012 оны хуулиар бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн түүхтэй. 1993 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл 12 гишүүнтэй, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байсан. Гишүүд дотроосоо даргаа сонгодог зарчимтай байсан. 2002 оноос гишүүдийн тоо хоёроор нэмэгдэж, дарга нь Хууль зүйн сайд эсвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсарч хийдэг тогтолцоотой болсон. Харин 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даалган байгуулж, орон тооны таван гишүүнтэй болгосон. Таван гишүүний гурав нь шүүхүүдээс нэр дэвшиж сонгогддог, нэг нь Хууль зүйн яам, нөгөө нь Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Даргыг нь гишүүдийн хуралдаанаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Ийм замналыг 25 жилийн хугацаанд туулж ирлээ. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийнхөө түүхийг зузаалж, туршлага хуримтлууллаа. Шүүхийн захиргааны байгууллагын олон улсад байдаг загварыг эхний 20 жилд хоёуланг нь туршиж, эерэг сөрөг талыг нь харсан. 2013 оноос дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж шүүхийн захиргааны бие даасан загварыг байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тулгыг тулж, галыг бадрааж, тооныг өргөсөн Та бүхний туршлага дээр үндэслэж ийм загварыг бий болгосон гэдгийг онцолъё” гэсэн юм. Үүний дараа үе үеийн шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан шүүгч, хуульчид санал сэтгэгдлээ ярьж, шүүхийн шинэтгэлийн алдаа оноог шүүн тунгаасан юм. 25 жилийн ойн арга хэмжээ ийнхүү ажил хэрэгч байдалд боллоо.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ