Энэтхэгт 100 мянга орчим ажлын байрны төлөө 20 сая гаруй хүн анкет бөглөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-28 12:44:04
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэгийн төрийн өмчийн төмөр замын компанийн 100 мянга орчим ажлын байрны төлөө 20 сая гаруй хүн анкет бөглөөд байгаа тухай тус улсын Төмөр замын яамны албаны хүн мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, төмөр замын цагдаа, галт тэрэгний машинч, техникч зэрэг 100 мянга орчим ажлын байрыг сонирхсон хүмүүсийг бүртгэх хугацаа энэ долоо хоногийн бямба гарагт дуусах учир анкет бөглөгчдийн тоо нэмэгдэж магадгүй.

Энэтхэгт хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь ажилгүйдэл юм. 1.3 тэрбум гаруй хүн амтай тус улсад ажилгүй хэдэн сая хүн байгаагийн дийлэнх нь боловсролгүй, бага болон дунд мэргэжлийн хүмүүс аж.

Энэтхэг нь төмөр замын хамгийн том сүлжээ бүхий улсуудын нэг юм. Тус улсад өдөрт 23 сая орчим хүн галт тэргээр зорчдог байна.

Нэг сая гаруй хүнтэй “Энэтхэгийн төмөр зам” компани нь дэлхийн хамгийн томоохон ажил олгогчдын нэг гэнэ.

2015 онд Энэтхэгийн хамгийн олон хүн амтай муж болох Уттар-Прадешт засгийн газрын доод түвшний 368 ажлын байрны төлөө 2.3 сая хүн анкет бөглөж байсан гэнэ. Мөн жил тус улсын өмнөд нутгийн Вишакхапатнам хотод армид ажилд орох хүмүүсийг бүртгэхэд хэдэн мянган хүн цугларч, улмаар шахцалдаан үүссэнээр олон арван хүн гэмтэж бэртэж байжээ. Түүнчлэн 1999 онд Баруун Бенгал мужийн захиргаа 281 нээлттэй ажлын байр зарлахад нэг сая гаруй хүн анкет бөглөж байсан гэнэ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ