Говь-Алтайд хөдөлмөр, халамжийн салбарын анхдугаар зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь орон нутгийн хөдөлмөр, халамжийн салбарынхны анхдугаар зөвлөлгөөнийг 2018 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажилладаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 82 ажилтан, алба хаагч хамрагдаж хоёр өдрийн турш салбарын бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнээс хуримтлуулсан туршлага, цаашид анхаарах зүйлсийн талаар хэлэлцэн, санал бодлоо хуваалцав. Уг салбарынхан ард иргэддээ төрийн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв, хурдан шуурхай ажиллах уриалга гаргасан байна. Мөн оролцогчид иргэдэд ажил үйлчилгээ, мэдээ мэдээллийг ил тод, тэгш хүртээмжтэй хүргэж ажиллах нь бодит дэмжлэг бөгөөд ард иргэд нь идэвх санаачилгатай, бүтээлч байж нийгэмд сайн үйлс бүтээж, бусдадаа зөв үлгэр дуурайлал болно гэдгээ илэрхийллээ.
Аймгийн ХХҮГ-аас энэ онд “Хүлээж биш-Хүрч үйлчилье” зорилт дэвшүүлж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хүргэх, халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ажээ.
Э.Нарангэрэл