Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “START UP” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-23 16:02:31
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Алтай нутгийн ирээдүй хойч болсон залуучуудын гарааны бизнесийг дэмжих, ажлын байраар хангах зорилгоор “Швейцарийн Хөгжлийн Агентлаг”,” Стартап Монгол” ТББ-тай хамтран “START UP” хөтөлбөрийг зохион байгуулахаар оролцогчдоо бүртгэж эхэлжээ. 
Энэхүү арга хэмжээ нь аймагт гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, тэднийг дэмжих, орон нутгийн залуучуудыг гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг 54 цагт багтаан олгодгоороо онцлогтой юм.
Бүртгэл нь үндсэн хоёр шатаар явагдах бөгөөд нэгдүгээр шат энэ сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл явагдаж уг бүртгэлээс шалгарсан оролцогчид хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болох ажээ. 
Өнгөрсөн жил уг сургалт-арга хэмжээнд гарааны бизнес эрхлэх сонирхолтой 95 залуу оролцож бизнес санаагаа уралдуулснаас нэгдүгээр байрыг “Алтай” органик цай төслийн залуучуудын баг шалгарч, уг бизнестээ 10 сая төгрөгийн дэмжлэг авч байсан ба одоогоор тус органик цай нь Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болж чадсан байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ