"Байгальд ээлтэй усны шийдэл” хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-22 15:46:58
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Дэлхийн усны өдөр” буюу өнөөдөр “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”, “Шинэ-гарц залуус” ТББ-ууд хамтран Говь-Алтай аймагт усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус нийт 15 байгууллагын 40 гаруй алба хаагчдын дунд "Байгальд ээлтэй усны шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр аймаг дахь “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”-ны дарга С.Жаргалзаяа: “Энэ удаа "Дэлхийн усны өдөр"-ийг "Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөцийн хомсдол, түүний зохисгүй хэрэглээ усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх боломжийг төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгжид сурталчлах, төрөөс усны чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлууд, хэрэгжилтийн үр дүнг иргэдэд тайлагнахаар тодорхой ажлууд төлөвлөсний томоохон арга хэмжээ нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм” онцлон хэлсэн юм.
Хэлэлцүүлгээр аймгийн хэмжээнд усны нөөц ашиглалт, усан хангамжийн үүсгэврүүд, цаг үеийн болон цаашдын чиг хандлага, төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголтод хүрч ус ашиглагч байгууллага, олон нийтэд мэдээлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохиожээ. Оролцогч талууд Говь-Алтай аймагт тулгамдаж буй асуудлын чухал нь ундны усны асуудал гэдгийг ч тэд онцлон хэлж, усны нөөц, түүний ашиглалтын талаарх цаг үеийн болон цаашдын төлөвлөлт хандлагын мэдээллээр санал бодлоо солилцов.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ