Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-03-17 09:01:56
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно.

Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан  байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Холбоотой мэдээ