Дөрөвдүгээр сард шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-15 21:37:57
Дархан-Уул/МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга С.Насанбат Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэрээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой уулзаж 2 асуудлаар харилцан ярилцаж дэмжлэг авахаар болсон ажээ.

Дархан-Уул аймгийн хувьд хүн ам олноор суурьшсан, ачаа хүн тээврийн урсгал ихтэй, олон улсын зам дагуу байрладаг тул малын гоц халдварт шүлхий өвчин дамжих, халдварлах эрсдэл өндөр байгаа. Иймд аймгийн мал сүргийг өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байгаа талаар уламжлаад энэ оны дөрөвдүгээр дүгээр сард яаманд нийлүүлэгдэх шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаас Дархан-Уул аймагт дэмжлэгээр олгохыг хүслээ.

Хүсэлтийн хариуд Б.Батзориг сайд мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, хүн ам ихээр суурьшсан төв газрын мал сүргийг эхний ээлжид вакцинжуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын багцад туссан хөрөнгөөс малын үржлийн ажлыг дэмжих зорилгоор хээлтэгч малыг Дархан-Уул аймагт олгох асуудлыг тавьж дэмжүүлсэн аж.

Орон нутгийн зүгээс 760 орчим га газрыг тусгай хэрэгцээнд авч, худаг, цахилгаан татах, сүргийн хадлангийн талбайг бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөж уг ажилд 270 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Яамны зүгээс Монгол малын удмын сантай хамтран шаардлагатай тооны хээлтэгчийг олгож дэмжин ажиллахаар болсон байна.

 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ