Си Цзиньпин Парист Обама, Олланд хоёртой уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-25 12:55:47

БЭЭЖИН. /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотод энэ сарын 30-нд эхлэх НҮБ-ын Уур амьсгалын бага хурлын үеэр Хятадын дарга Си Зиньпин АНУ болон Францын Ерөнхийлөгч нартай уулзана. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн дэд сайд Лю Жэньминь мэдээлжээ.

“Бага хурлын үеэр Хятадын дарга АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Францын төрийн тэргүүн Франсуа Олландтай, түүнчлэн бусад орны зарим удирдагчтай уулзана. Талууд хоёр талын харилцаа болон Парисын хэлэлцээний талаар санал бодлоо солилцоно” гэж Лю Жэньминь Хятадын даргын бага хуралд оролцох гэж байгаатай холбоотойгоор тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Си Зиньпин бага хурлыг нээх ёслолын ажиллагаанд оролцож, үг хэлнэ.

НҮБ-ын Уур амьсгалын бага хурал Парис хотноо энэ сарын 30-нд эхэлнэ. Елисейн ордноос мэдээлснээр, дэлхийн 138 орны төр, засгийн тэргүүн нар уг бага хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тухай гэрээг байгуулж, 2020 оноос эхлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор жилд 100 тэрбум доллар цуглуулах зорилтоо биелүүлнэ гэдэгт Францын эрх баригчид найдаж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ