“Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийн 49 эрхмийн хөргөөр бүтсэн “Хүн” үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-12 18:15:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галерейд залуу зураач М.Алтанхундагын “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэнг нээв.

Үзэсгэлэнгийн нээлтэд “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцогчид болох Монгол Улсын анхны ерөнхийлөгч  П.Очирбат, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Б.Бааст  нар хүрэлцэн ирэв. Мөн үеэр Нюанс хамтлаг ая дуугаа өргөсөн юм. “Хүн” үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Дархан, Эрдэнэт хотод “Монгол Тулгатны 100” эрхмүүдийн хөргийг толилуулах аж.

Зураач М.Алтанхундага: “Анх “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш нэвтрүүлгийг их үздэг байв.  100 эрхмийг бид алдартай гэж ярьдаг хэрнээ тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг мэддэггүй. Тэгвэл тэднийг дээрх нэвтрүүлэг олон нийтэд илүү таниулсан. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бүхий л дугаарыг алгасахгүй үзвэл Монголын өнөөгийн нийгмийн амьдралыг тэр чигээр нь тольдоно. Тиймээс улс орныхоо хэмжээнд хийж бүтээсэн, гавьяа байгуулсан эдгээр эрхмүүдийн түүхэн намтрыг олон нийтэд улам илүү хүргэхээр энэхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ” хэмээв.
Тэрээр багадаа гараа гэмтээсний улмаас 98 хувийн мэдээ алдалттай болсон ч өөрийгөө дайчлан “Нүүдэл” нэртэй хүүхдийн продакшн байгуулсныг найз нөхөд нь онцолж байв. Тус продакшн нь хүүхдүүдэд урлагийн чиглэлээр сургалт явуулдаг байна.
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ