“Шударга ёс” эвсэл 5 хоногийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 15:08:30

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг авч  хэлэлцэв.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэлцүүлгийн үеэр тус эвслийн зүгээс 5 хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Тэрбээр улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан холбогдогчдын нэрсийг ил болгохыг шаардаж, энэхүү завсарлагыг авч байна гэсэн тайлбар өгч байлаа. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуультай уялдуулж Өршөөлийн хуулийг хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Харин УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ өмнө нь хэлэлцэн баталсан 5 удаагийн хууль өнөөдрийнх шиг ийм улстөржилт өрнөж байгаагүй гээд Эрүүгийн хуулиа баталсаны дараагаар энэ хуулийг хэлэлцвэл дарааллын хувьд зөв зүйтэй юм гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын гишүүдийг Өршөөлийн хуулийг чимээгүй дэмжсэн гэж яриад байгаа. Хэрэв хаалттай хуралдааны протоколыг нээлттэй болчихвол хэн нь дэмжсэн, эсэргүүцсэн, ямар үг хэлсэн нь олон нийтэд ил болно. Түүнчлэн энэ хууль намаар нь хуваасан, гишүүдийг талцуулсан, ард түмнийг хоёр хуваасан хууль болсон. УИХ-ын дарга нь Эрүүгийн хуулиа баталчихаад Өршөөлийн хуулиа хэлэлцье гэж байна. Тэгэхийн бол шоронд байгаа эмэгтэйчүүд, ахмадууд, өрх толгойлсон эцэг, эхчүүдээ насанд хүрээгүй хүүхдүүдээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ яах вэ. Энэ хүмүүс чинь хүлээж байна шүү дээ. Тиймээс тэр хоригийг нь хүлээж аваад өршөөл үзүүлэх ёстой хүмүүст нь үзүүлье. Заавал нэг асуудлыг нөгөөгөөр нь барьцаалах ямар хэрэг байна вэ “ гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэлцэж буй асуудлыг яаралтай нэг тийш болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Учир нь өршөөл хүлээж буй тухайн иргэн гэлтгүй ар гэрийнхэнд нэг өдөр битгий хэл, нэг цаг ч урт байгаа. Бид Төрийн ордонд асуудлыг хэлэлцэж байгаа болохоор цаг хурдан өнгөрч байж болно. Хүлээж буй хүмүүсийн хувьд байдал өөр байгаа гэсэн байр суурь гаргав.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар хүйтний улирал эхлэхээс өмнө хуулиа цэгцэлж, төр өршөөлөө үзүүлэх хэрэгтэй. Хууль цэгцэрснээр хууль хяналтын байгууллагынхны үйл ажиллагаа ч мөн хөнгөрнө гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан байнгын хороо болон нэгдсэн чуулганы хаалттай хуралдааны бичлэгийг ил болгох горимын саналыг дэмжихгүй. Энэ нь улстөрчдийг талцуулсан үйлдэл болно гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлахын тулд энэ хуулийг баталсан мэтээр сөрөг сурталчилгаа гадуур явах болсон. Иймээс хэн гэдэг УИХ-ын гишүүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэдэг тайлбар хүссэн. Түүний асуултад байнгын хорооны дарга Б.Ганбат болон хуулийн байгууллагын удирдлага одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа учир ил зарлах боломжгүй гэсэн хариултыг өгч байв.

Ийнхүү УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд