Дарви сумаас 20 жлийн дараа Улсын хошой аварга малчин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-14 09:38:41
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дарви сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж 20 орчим жилийн дараа Монгол Улсын Хошой аварга малчинтай боллоо. Ирж буй шар нохой жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт сал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаанаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт “Улсын Хошой аварга малчин” цол хүртэж шагналаа гардан авлаа.
“Улсын хошой аварга малчин”-д, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.
Улсын хошой аварга малчин Д.Баатарцогтын шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагуудад гардуулан өгч, баяр хүргэв.
Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Д.Баатарцогтын хувьд нутаг усандаа үе дамжин малч ухаанаа хадгалж яваа бөгөөд 2004 онд мянгат малчин, 2006 онд аймгийн сайн малчин, 2010 онд Улсын аварга малчин болсон байна. 
Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт, гэргий Г.Чимгээ нар сүүлийн 10 гаруй жил мянгаас дээш толгой мал тоолуулж, ахмад малчдын арга туршлагаар мал сүргийн тоо толгойнд биш чанарт анхаарч байна гэж хэллээ.
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Алдарт хоньчин С.Цогтгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Гэндэнпил, Б.Галсандорж зэрэг олон аврага, гавъяатууд, сайчууд энэ сумаас төрөн гарсан билээ.
                                                                                                                                                  А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ