УИХ-ын гишүүн болон зарим албан тушаалтны хэргийг шалган прокурорт шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-25 12:20:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр уламжлал болсон Хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, ХМОНХ ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар 2018 оны нэгдүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.
Өнгөрсөн нэг сард 1800-1969 дугаарын утсаар 219 дуудлага хүлээн авч тодруулга,зөвлөгөө өгчээ. Харин АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс  энэ сард гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгаж ажиллав. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлт нээсэн ба шийдвэрлэлт нь 83.7 хувьтай байна. Мөн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдол ирснийг хянан шийдвэрлэжээ.  
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10.200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ өгч, баталгаажуулсан ба энэ нь явц улсын хэмжээнд 29.2 хувьтай байгаа аж. АТГ нэвтрүүүлгийн цагтай болсноор 7 хоног бүрийн даваа гарагийн 19:30 цагт мэдээллийн тусгай нэвтрүүлэг хүргэсэн нь иргэдэд тустай байгааг тэмдэглэв. 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Үүнээс  Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, БХЯ-ны Төрийн марийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын төрийн алба хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа Прокурорын байгууллагад шилжүүлсэн гэлээ. Мөн УИХ-ын хоёр гишүүнд холбогдох асуудал буюу УИХ-ын гишүүн Д.Гантулгаас  байцаалт авч, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж,  прокурорт шилжүүлжээ. АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалагийн ярьснаар Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын асуудлыг нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, МХЕГ-ын хэлтсийн дарга, байцаагч нарт холбогдох хэргийг шалгах явц дуусч байгаа. Ойрын хугацаанд Прокурорт шилжүүлнэ гэлээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ