БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 09:41:19

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний хорооны Хяналт шалгалтын албаны дарга Чангву Чое, Авлигын нөлөөллийн үнэлгээний албаны орлогч дарга Бионг Харк Жёонг, Гадаад харилцааны албаны орлогч дарга Ким Сори нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн нар оролцлоо.

  Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “2012 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш харьцангуй богино хугацаанд манай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй үргэлжилж байгаа. Авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар, ялангуяа харилцан туршлага судлах, шинэ залуу мэргэжилтнийг сургах чиглэлээр илүү анхаарч ажиллаж байгаад миний бие баяртай байдаг. БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос зохион байгуулсан “Авлигын эсрэг салбар мэргэжилтний чадавхи дээшлүүлэх”, “Нийтийн албаны албан хаагчдын авлигатай тэмцэх чадавхийг бүрдүүлж, байгууллагыг хөгжүүлэх нь” зэрэг сургалтад манай байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцсон. Цаашид бид энэхүү найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, боломжит бүхий л хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол Улсын төр, засаг авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомжууд батлан гаргасан. Эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бид идэвхтэй ажиллаж байгаа. Манай байгууллага богинохон хугацаанд багагүй ажил хийж бүтээсэн”  гэж хэлэв. БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооны Хяналт шалгалтын албаны дарга Бионг Харк Жёонг “Өнгөрсөн хугацаанд манай хоёр байгууллага авлигатай тэмцэх чиглэлээр үлгэр жишээ ажиллаж ирсэн. Манай байгууллагын зүгээс Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахад онцгой анхаарлаа хандуулдаг. Энэ харилцаагаа цаашид ч үлгэр жишээчээр, үр дүнтэйгээр хадгалан улам өргөжүүлэхийг хүсч байна” гэлээ. БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо нь 2008 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд авлигын эсрэг санаачилга, хөдөлгөөнүүдийг үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, хуулийн цоорхой, зохицуулалтын гажгийг илрүүлэн засч сайжруулах, төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлэх, авлигын болзошгүй эрсдлийн судалгаа хийх зэрэг үндсэн чиглэлээр ажилладаг байна.

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооны төлөөлөгчид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцсаны дараа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны хэрэгжилтийн тайлан мэдээллийг хэлэлцэв. Ийнхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээ тооцох нь цаашид хамтран ажиллах чиглэл төлөвөө тогтоох ач холбогдолтой гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

 

Холбоотой мэдээ