Шүлхийн голомт сумын төвд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-15 18:44:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан болох тогтоогдож, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар 13 өрхийн 81 үхэр шүлхий өвчин туссан байна. 
- Аймгийн байнгын онцгой комисс шаардлагатай арга хэмжээ авч байна. Шүлхий өвчний вакцин хийхээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, цагдаа, онцгой байдлын газар, цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хааж байгаа иргэдийг дайчилан дөрвөн ажлын хэсэг гарч тус суманд ажиллаж байгаа. Нийтдээ 112 бог мал, 382 үхэр, 35 гахайнд вакцин хийсэн. Шүлхий өвчний голомтод 1465 үхэр, 2612 бог мал, 92 гахай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.
Төв замын хөдөлгөөн ихтэй сумын төв учир иргэд санамсаргүй байдлаар өвчний голомтод орж ирэх тохиолдол гарч байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ