Д.Загджав: "Рио тинто" компанийг Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-01-15 13:49:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайд Д.Загджав "Рио тинто компанийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг ард түмнийхээ нэрийн өмнөөс  шаардаж байна" хэмээн мэдэгдлээ.

Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. “Оюутолгой” компани өнөөдөр  хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд, хэдэн үүргээ биелүүлэхгүй Монгол Улсын эрх ашгийг хохироосоор өдий хүрлээ.  Тэд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Энэхүү шийдлийг хийж чадсангүй. Харин монголчуудын чадан ядан барьсан автозамыг л ашиглаж байна. Хэдэн зуун км урт дарааллыг үүсгэхэд тэд нөлөөлж байна. Мөн Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулахаар болсон ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашлаад зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн үлгэр болж гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргаж  байна.Түүнчлэн Ханбогд сумыг хот болгоход дорвитой ажил хийсэнгүй. Тэд манай баялгаар хөрөнгө босгож, хэдэн тэрбумаар нь  ашиг олж байгаа ч энэ бидэнд хүртсэнгүй. Баримт дэлгэвэл 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.доллар л Монголд орж ирсэн байх жишээтэй.

Тухайн үед ашигтай хэмээн шагширч байсан Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан л  хожлоо.4400 ам.доллар байсан зэсийн үнэ өсч 7200 ам.долларт  хүрлээ. 2018 онд 8000 ам.доллар хүрэх төлөв  байна. Үүнийг монголчууд хүртэнэ гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр Монгол Улсын өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал газар авч буй нь харамсалтай.

Тиймээс бид "Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага бий боллоо гэдгийг албан ёсоор ард түмэндээ мэдэгдэж байна” гэв.



Сэтгүүлчдийн асуултад тэрээр ийнхүү хариулав.

-Гэнэт ийм мэдэгдэл хийх шалтгаан юу байв. Цахим ертөнцөөр танай дүүгийн компанийг "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч байсан бөгөөд гэрээг цуцалсантай холбоотой байр сууриа илэрхийлж байгаа гэлээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

- Янз бүрийн мэдээлэл явж байгаа. Би дороо 3 дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Бид тус тусдаа бие даасан хувь хүмүүс. Тийм учраас би дүү нарынхаа ажил, амьдралд оролцдоггүй. Миний  дүүгийн компани Оюутолгойн туслан гүйцэтгэгч гэх яриа гарсан. Би үүнийг мэдэхгүй. Оюутолгойн асуудал бол эргээд нийгэм эдийн засагт нөлөө үзүүлэх учраас би ард түмний өмнөөс шаардлага тавьж, мэдэгдэл хийж байна.

-Таны өнөөдрийн шаардлага мэдэгдлийг хувийн байр суурь  гэж үзэх үү. Эсвэл салбарын яамных гэж ойлгох уу?

- Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл гэж ойлгож болно. Ард түмнийхээ  ирээдүйн төлөө энэ мэдэгдлийг хийж байна. Энэ бол бодит үнэн.

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар таныг эргүүлэн татна хэмээн өмнөх хурал дээр мэдэгдсэн. Энэ тухайд?

- Би үүнийг  тухайн хүний хувийн  байр суурь гэж ойлгож байгаа.

-Оюутолгойгоос илүүтэй өнөөдөр шатахууны асуудал анхаарлын төвд байна. Зарим нэг ШТС-ууд литр тутамд 250-300 төгрөгөөр нэмээд байна. Үүнд салбарын яамны дэд сайдын хувьд ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд Оюутолгойн асуудлыг хөндөх гэж хэвлэлийн бага хурал зарласан. Шатахууны бодит үнэ болон  импортлогч компаниудын алдагдалтай байгаа гэсэн мэдээллийг нягтлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Эл ажлын хэсэгт манай яам АМГТГ болон  Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо,  ШӨХТГ, шатахуун импортлогч компаниудын оролцоотой байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө.

-Ажлын хэсгийнхний дүгнэлт гарах гэсээр байтал импортлогчид үнээ нэмчихлээ. Тэд Засгийн газраас 290 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан гэж байсан. Энэ тухайд?

-Үнэндээ Засгийн газраас шатахуун импортлогчдын тавьсан  нөөц бүрдүүлэлт хийх саналыг хүлээн авч хоёр удаа онцгой албан татварын хугацааг  хойшлуулж, уян хатан ажилласныг та бүхэн мэдэж байгаа. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнэ нэмэх шийдвэр гараагүй байна. Ийм үед шатахууны үнийг нэмэх ёсгүй.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ