Умард Солонгост нефть шилжүүлэн өгсөн хөлөг онгоцыг Өмнөд Солонгос саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-29 19:35:20
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын хөлөг онгоцонд нефть шилжүүлэн өгөөд буцаж ирэхэд нь Хонконгийн далбаа бүхий хөлөг онгоцыг барьж авсан гэж Өмнөд Солонгос өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав. Хятад улс НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчин Умард Солонгост нефть нийлүүлж байна гэх мэдээлэл тархаад буй энэ үед Өмнөд Солонгосын тал ийм мэдэгдэл хийлээ.

Сөүлийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “Lighthouse Winmore” хэмээх нэртэй, Хонконгийн далбаа бүхий хөлөг онгоц нь 10 дугаар сарын 11-нд Өмнөд Солонгосын Ёсү боомтод очиж, 600 тонн боловсруулсан нефть ачаад “Тайвань руу явна” гэж хөдөлсөн аж. Гэвч тус хөлөг онгоц нь Тайвань руу явахын оронд олон улсын усанд Умард Солонгосын хөлөг онгоцонд нефтийг шилжүүлэн өгөөд, 11 дүгээр сарын 24-нд Ёсү боомтод эргэн очжээ. Тус боомтод эргэн очиж зогсоход нь “Lighthouse Winmore” хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс нэгжиж, хөлгийн багийн гишүүдийг нь байцаажээ. Энэ хөлөг онгоц өнөө хэр нь Өмнөд Солонгост байгаа аж.

Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2375 тоот тогтоолоор НҮБ-ын гишүүн орнууд Умард Солонгосын хөлөг онгоцуудад ямар ч бараа бүтээгдэхүүн шилжүүлэн өгөхийг хориглосон юм.

Хятадын хөлөг онгоцууд Умард Солонгост нефть нийлүүлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэж, уг мэдэгдлийг Хятадын тал няцаагаад байгаа энэ үед Сөүл дээрх мэдэгдлийг хийлээ.

“Lighthouse Winmore” хөлөг онгоц нь Хонконгийн далбаатай хэдий ч Тайванийн нэгэн компани үүнийг түрээсэлж байгаа аж.
 
Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 10 дугаар сараас хойш Умард Солонгосын хөлөг онгоцуудад бараа бүтээгдэхүүн хууль бусаар нийлүүлсэн 30 орчим тохиолдод бүртгэгдээд байгаа гэнэ.

Гэсэн хэдий ч Умард Солонгосын худалдааны гол түнш болох Хятад улс нь “Манай улс Пхеньяны эсрэг НҮБ-ын бүх тогтоолыг бүрэн дагаж мөрдөж байгаа” гэж мэдэгдсээр байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ