Оросын СЕХ В.Путины баримт бичгүүдийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-28 08:54:24
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд бүрдүүлж өгөх ёстой баримт бичгүүдийг Владимир Путин бүрдүүлж, лхагва гарагт буюу өчигдөр СЕХ-ндоо хүлээлгэн өгчээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, Оросын СЕХ-ны ажлын хэсгийн гишүүд В.Путины бүрдүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авсан байна.
 
СЕХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд “Хуулийн дагуу бид түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг тав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэжээ.

Оросын одоогийн төрийн тэргүүн В.Путин нь ирэх оны гуравдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр төлөвлөж байгаа юм.

Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч бөгөөд сэтгүүлийн эрхлэгч Ксения Собчак Иргэний санаачилгын намаас нэр дэвшиж буй бөгөөд тэрбээр нэр дэвшихэд шаардлагатай баримт бичгүүдээ энэ долоо хоногийн эхээр СЕХ-нд хүлээлгэн өгсөн билээ. Мөн Оросын нөлөө бүхий сэтгүүлч бөгөөд дуучин Екатерина Гордон
/Сайн үйлсийн намаас/ баримт бичгүүдээ энэ долоо хоногийн даваа гарагт СЕХ-ндоо хүлээлгэн өгсөн юм. Энэ хоёр эмэгтэй нь парламентад суудалтай намын гишүүд бус учир сонгуульд нэр дэвшихийн тулд наад зах нь 100 мянган хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай аж. Тэд гарын үсэг цуглуулах ажилдаа орсон байна.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ