“Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-23 11:48:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд энэ сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгуулав.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарлаа. Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнахаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол Улсынхаа байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнах юм.

Тус олимпиадыг зохион байгуулахад МУИС, МУБИС, ШУТИС, МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагуудад анхаарал тавьж оролцсон аж.


 
Холбоотой мэдээ