Төсвийн тогтвортой байдлыг хянах зөвлөл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-22 14:16:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах юм.
 
Зөвлөлийн хийх ажлын чиг үүрэг, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг дүрмийн төсөлд тусгасан бөгөөд зөвлөл нь зөвлөлийн дарга, орон тооны бус найман гишүүнтэй, мөн ажлын албатай байх, алба нь хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй гэж байнгын хороо үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжин тогтоолыг баталлаа.
Холбоотой мэдээ