Хорватын армийн генерал асан шүүх танхимд хор уун амиа хорложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-30 15:15:19
ГААГ. /ТАСС/. Хорватын армийн генерал байсан Слободан Праляк Нидерландын Гааг хот дахь НҮБ-ын харьяа шүүхийн танхимд өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурлын үеэр хор уун амиа хорлосон тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Генерал С.Праляк нь 1992-1995 онд болсон Боснийн дайны үеэр Мостар хотод лалын шашинтнуудыг үй олноор нь хөнөөх тушаалыг  цэргүүддээ өгөн дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр 2013 онд 20 жилийн хорих ял сонссоод байсан юм
 
Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр “Хуучин Югаславын нутаг дэвсгэрт болсон хэргийг шалгах Олон улсын эрүүгийн шүүх”-ийн танхимд болж, 2013 онд оноосон 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээж буйг шүүгч зарласны дараа генерал С.Праляк босоод “Шүүгчид ээ! Слободан Праляк миний бие дайны гэмт хэрэг үйлдээгүй. Би шүүхийн шийдвэрийг жигшиж байна” гэж хэлээд, жижиг шилтэй шингэн зүйл уужээ. С.Пралякийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, тэр шингэн зүйл нь хор байсан аж. С.Пралякийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр удалгүй амьсгал хураасан байна.
 
Энэ генералаас гадна Босни-Герцеговин улсын ерөнхий сайд асан Жадранко Прлик, Хорватын армийн командлагч асан Миливоя Петковича, Хорватын Батлан хамгаалах зөвлөлийн харьяа армийн цагдаагийн тэргүүн асан Валентина Чорича болон Батлан хамгаалахын сайд асан Бруно Стоик нарын хүмүүст Боснийн дайны үеэр дайны гэмт хэрэг, хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр 2013 онд 10-25 жилийн хорих ял оноосон аж.
 
Ж.Прликт оноосон 25 жилийн хорих ял, Б.Стоик болон С.Пралякт оноосон 20 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Шүүгчид мэдэгдэхдээ “Тэдэнд оноосон хорих ялыг эргэн харах шаардлага байсангүй” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ