С.Хүрэлбаатарыг “Мандах наран” одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Японы цог жавхлант эзэн хаан Акихитогоос тус улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнажээ.
Шагналыг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-нд гардуулав. Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж эл шагналыг олгосон байна.
С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил уйгагүй зүтгэж буй. Тэрээр 1997-2001 он, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм.