Телевизийн “Останкино” цамхаг 50 жилийн ойгоо тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2017-11-04 11:45:42
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын нийслэл Москва хотын телевизийн “Останкино” цамхаг болон телевизийн "Останкино" төв 11 дүгээр сарын 4-ний бямба гаригт 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын сая сая иргэний хувьд телевизийн алдарт энэ цамхаг нь Москва хотын хамгийн их танигдсан билэг тэмдэгүүдийн нэг байдаг юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Телевизийн техникийн Останкино төв” Холбооны улсын нэгдсэн байгууллага болон “Оросын телевиз болон радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ” Холбооны улсын нэгдсэн байгууллагын эх орныхоо радио, телевизийн хөгжилд оруулсан асар их хувь нэмэр хийгээд олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг өндрөөр үнэлж сайшаасан захирамж гаргав гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Телевизийн цамхагийг албан ёсоор ашиглалтад оруулсан огноо нь 1967 оны 11 дүгээр сарын 5 юм. “Останкнио” цамхагийг барих тухай шийдвэрийг 1957 онд гаргасан ба барилгын ажил 1963-1967 онд өрнөсөн аж. Телевизийн “Останкино” цамхагийн нийт өндөр нь 540 метр ба уг байгууламж нь 45 давхартай, олон арван дугуй тавцан, балконтой, бүх өрөө тасалгааных нь ашигтай талбай 15 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр байдаг.

Телевизийн техникийн “Останкино” төв нь 1967 оны 11 дүгээр сарын 4-нд ашиглалтад орсон ба гурван өдрийн дараа буюу 11 дүгээр сарын 7-нд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн өдөр Москва хотын Улаан талбайгаас цэргийн парадыг телевизээр анх удаа өнгөтөөр шууд дамжуулсан байна.

Л.Батбаяр
Холбоотой мэдээ