Трампын төлөвлөгөөг Обама бодит бус гэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-13 14:52:29

ВАШИНГТОН. /Reuters/. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трампын бүртгэлгүй цагаачдыг албадан гаргах төлөвлөгөөг Ерөнхийлөгч Барак Обама бодит бус гэв.  

“11-12 сая хүнийг энэ улсаас албадан гаргах ажилд хэдэн зуун тэрбум доллар шаардана. Энэ ажлыг хаанаас санхүүжүүлнэ гэж Трамп бодож буйг мэдэхгүй” гэж Обама “ABC News”-д хэлсэн байна.  

“Эцэг, эхчүүдийг хүүхдээс нь салган саатуулах төвд хорьж, бүгдийг нь системтэйгээр гаргаж байгаа дүрсийг дэлхий даяар үзүүлж байна гээд бодоод үз. Тийм зүйл бодит биш. Хамгийн чухал нь, америкчууд тийм хүмүүс биш” гэж Ерөнхийлөгч хэлжээ.  

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн санал асуулгад үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Трамп тэргүүлж байна. Тэрбээр хууль бус бүх цагаачийг албадан гаргахыг уриалж, АНУ-Мексикийн дунд хана барих ажлын зардлыг Мексикийн Засгийн газраар төлүүлнэ гэсэн юм.

“АНУ-д цагаачдад дургүй байх үзэл хэдийнээс байсан. Ерөнхийлөгч эсвэл удирдлагын алба хашиж буй хэн нэгэн тэр айдсаар тоглохыг бид хүсэхгүй” гэж Обама нэмж хэлжээ.

Трампын санал болгосон ханыг Мексикийн Засгийн газар барихгүй, санхүүжүүлэхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлснийг “CNN” уламжиллаа.   

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ