Өртөөчилсөн цэгт уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:14:49

Дархан-Уул аймагт нээгдсэн нийгмийн үйлчилгээний аяны нээлтэд оролцогсод “Дархан-50” цогцолбороос “Морин хуур” хүртэл явган алхалт зохион байгуулав.

Явган алхалтын үеэр аймгийн удирдлагууд болон агентлагуудын дарга нар уг аянд нэгдсэн иргэд тус аймгийн “Хараагүйчүүдийн холбоо”-ны “Гэгээн мэлмий”, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн “Хойморт гийх нар”, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ноос хамтарч “Хамтдаа хөгжье”, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны “Нөхөрлөл” зэрэг нэр бүхий мэдээллийн цэгт очиж өртөөчилсөн уулзалтыг зохион байгуулж тулгамдаж буй асуудлуудтай нь танилцаж санал бодлоо солилцлоо.

Мөн үеэр аймгийн БСГ-аас эрхлэн аяны хугацаанд дүйцсэн хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээсэн хүмүүст нөхөн олгох бүртгэл хийлээ. Түүнчлэн “Насан туршийн боловсрол”-ын төв байрладаг “Хөгжлийн төв”-ийн харьяа ХБИ-дийн жижиг, дунд үйлвэрлэлийг дэмжих зорилгоор гурван чиглэлээр ажил зохион байгуулахаар болов. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжихийн тулд тэдний хийдэг түлхүүрийн оосроор аймгийн сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын бүх анги танхим, өрөөнийхөө түлхүүрийн оосрыг ижилсүүлэх ажлыг өрнүүлэхээр тогтлоо.

Энэ ажлыг тэргэнцэртэй иргэдийн “Хөгжил бизнес төв” ТББ хийхээр болов. Эднийх зургийн цомог, өргөмжлөл, мэндчилгээ, нэрийн хуудас, компьютер формат, DVD, CD хэвлэх, хуулах зэрэг хэвлэлийн ажил эрхэлдэг байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ