Ургац хураалтад оролцдог уламжлалт ажилд энэ жил 30 залуу нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-12 09:55:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Сэлэнгэ Аймгийн Ерөө сумын Залуучуудын Холбоо, Монголын Хөдөөг Шинэчлэхийн төлөө Фермерүүдийн Холбооны Ерөө салбар хамтран “Намрын Ажил–Залуус” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд залуус ургац хураалтын ажилд сайн дураараа нэгдэн оролцдог байна. Энэ жилийн хувьд 30 гаруй залуу нэгдэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн ажилд тусалж, дөрвөн тонн орчим төмс хураажээ.
Энэ ажил нь оюутан залуусыг эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулдаг байсан уламжлалыг сэргээх, залуусыг хооронд нь нэгтгэх, хөдөлмөрийн үр шимийг оюутан цагаас нь ойлгуулах, насан туршид үлдэх нандин дурсамжуудыг бий болгох үйлсийг бий болгож буйгаараа онцлогтой юм.
“Намрын Ажил-Залуус” төслийнхөн  2013 оноос хойш нийт 1000 гаруй залуусыг энэхүү ургац хураалтын ажилд уриалан оролцуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг. Тус сумын тариаланчдын хувьд 9-10 дугаар саруудад хамгийн их ачаалалтай байж, хэдэн сарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе юм. Эдгээр саруудад хүн, хүч маш дутмаг байдаг. Иймээс хэрэгцээтэй цаг үед оюутан залуус ирж ургац хураалтад гар бие оролцдог уламжлалтай болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ