Ажилтнуудаа хэт олон цаг илүү цагаар ажиллуулсан компанид Японы шүүх торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-06 17:05:34
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Ажилтнуудаа хэт олон цаг илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэлээр Японы зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэнцү” компанид торгууль ногдуулжээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Токиогийн нэгэн шүүх тус компанид өнөөдөр 500 мянган иен буюу 4400 ам.долларын торгууль ногдуулсан байна.

2015 онд нэгэн эмэгтэй ажилтан нь ажлын хэт ачааллын улмаас амиа хорлосонтой холбоотойгоор “Дэнцү” компани нь хууль хяналтын байгууллагынхны анхаарлын төвд ороод байгаа аж.

Хэт олон цаг илүү цагаар ажиллуулсны улмаас ажилтан, албан хаагчид амиа хорлох явдал нь Японд тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Ажлын хэт ачааллын улмаас амиа хорлох явдлыг японоор “кароши” гэдэг аж.

2015 онд амиа хорлосон “Дэнцү”-гийн ажилтан Мацүри Такахаши  нь нэг сард 100 цаг илүү цагаар ажиллаж байсан гэсэн мэдээлэл байна.

Энэ хэргийн улмаас ажилтнуудаа хэт олон цаг илүү цагаар ажиллуулж, илүү цагийн мөнгө өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зохих арга хэмжээг авахыг япончууд холбогдох байгууллагуудад уриалах болжээ.

2013 онд Мива Садо хэмээх нэгэн сурвалжлагч мөн ажлын хэт ачааллын улмаас амиа алдаж байжээ.  Түүнийг нас барснаас нэг жилийн дараа холбогдох албаны хүмүүс “Ажлын хэт ачааллын улмаас зүрх нь зогссон” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэнэ. Тэрбээр сард 159 цаг илүү цагаар ажиллаж байсан аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ