"Сум хөгжүүлэх сан”-гаас 10 иргэн зээл авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:43:38

Дархан-Уул аймгийн Дархан сум энэ жил “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнөөс төсөл нь дэмжигдсэн 31 иргэн, аж ахуй нэгжид зээл олгосон. Харин энэ удаа өмнөх зээлийн эргэн төлөлтөөр нэмж 10 иргэн, аж ахуй нэгжид жилийн 2,9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болж зээлийн гэрээг баталгаажууллаа.

2015 оныг аймгийн ИТХ-аас хоршоог дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд энэ удаа талх нарийн боов үйлдвэрлэгч, оёдол, үсчин зэрэг үйлчилгээ явуулж ажлын байр нэмэгдүүлж хадгалах чиглэлээр төслөө ирүүлсэн иргэдийг сум орон нутгаас боломжоороо дэмжих бодлогыг барьж байгаа аж. Гэхдээ журмын дагуу ирүүлсэн төслүүдийг албаныхан газар дээр нь явж үзэж нэг бүрчлэн судлаж сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага хангасан төслүүдийг дэмжжээ. Зээлдэгчид дотор хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн байгаагийн нэг нь өөртөө ажлын байр бий болгож жижиг үйлдвэрлэл эрхлэж “Арвин” нэртэй талхны үйлдвэр байгуулж өдөрт 30 ширхэг талх үйлдвэрлэдгээ ярилаа. Түүний хувьд одоо авч байгаа зээлээрээ тоног төхөөрөмжөө сайжруулж бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх зорилготой гэв.

Бага хүүтэй зээлд хамрагдаж байгаа иргэн найман сая хүртэлх, аж ахуй нэгж 15 сая хүртэл төгрөгийн зээлийг “Сум хөгжүүлэх сан”-гаас авч байгаа нь энэ юм.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд