Хөрсний бохирдлыг цэвэрлэх жишиг төсөл боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-15 13:59:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чехийн байгаль хамгаалах салбарын мэргэжилтнүүд хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэр, Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишиг төслийг боловсруулах болжээ.

Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех  мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төсөл Монгол Улсад хэрэгжиж байна.

БНЧУ-ын тусламжаар хэрэгжүүлж буй энэхүү төслийн I шатанд 21 аймгийн байгалийн бохирдол болон түүнээс үүдэлтэй эрсдлийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан. Харин энэ оны хоёрдугаар сард эхлүүлсэн төслийн II шатанд бохирдсон бүс нутгуудад тохирох загвар ажлуудын жишээг боловсруулж байгаа юм. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, БНЧУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Олдржих Заычек, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишиг төслийг боловсруулахаар төлөвлөж байгаа юм. Дээрх байршлуудын хоёр нь хүн амын суурьшлийн бүс тул онцгойлон анхаарч, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг Чехийн мэргэжилтнүүд онцоллоо.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ