Ж.Эрдэнэбат:Үндэсний брэнд бол тухайн улсын үзэл санаа, эв нэгдэл, урагшлах зүг чиг нь болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-04 16:31:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн, үйлчилгээг тодруулах, сурталчлах бодлогыг зохицуулах үүрэг бүхий Монголын Үндэсний брэндийн зөвлөлийг /МҮБЗ/ 2017 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм.
МҮБЗ-ийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүлдэг бөгөөд дэд даргаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ажлын албаны даргаар Б.Батгэрэл нар ажилладаг. Тус зөвлөлийн ажлын албанаас өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийж, байгуулагдсанаас хойшхи ажил, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулан хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, МҮБЗ-ийн дарга Ж.Эрдэнэбат үг хэлэхдээ
“Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард түмэн, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн түвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр хангаж ажиллана.Гадаадын улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг дээшлүүлэх ач холбогдол бүхий бие даасан ийм байгууллагуудыг 1990 оны сүүл, 2000 оны эхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа дэргэд газар, агентлаг, компанийн хэлбэрээр байгуулсан байдаг. Ингэснээр улс орныхоо хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлж, амжилттай хэрэгжүүлж ирсэн жишээ олон байна. Улс орны хөгжил зогсонги байдалд орох эсвэл эдийн засгийн хэт уналтад орсон тохиолдолд л үндэснийхээ брэндийг Засгийн газрынхаа түвшинд дэмжин ажилладаг байна. Учир нь үндэсний брэнд бол тухайн улс, ард түмний үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог байна. Монгол Улс ийм үндэсний брэндтэй, үндэсний үзэл санаа, мөрөөдөлтэй, явах зүгтэй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт болох эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлогуудтай үндэсний брэндийн үйл ажиллагаа салшгүй холбоотой явах учиртай юм. Мөн Засгийн газрын баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Үндэсний брэндийн зөвлөлтэй хэрхэн хамтарч ажиллахаас ихээхэн шалтгаална.
Монголчууд бидэнд бусдын сонирхлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэг сурталчлах, ард түмнийхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь мэргэжлийн байгууллагаар, мэдлэг, олон улсын судалгаанд тулгуурлан сонгоно. Ингэснээр Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний брэнд болгож дэлхийд таниулж чадна гэдэгт итгэлтэй байна.



Монголын үндэсний брэндийн зөвлөл нь эхний ээлжинд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлаж хөгжихийг бус, нэн түрүүн байгаль цаг уурын онцлог, нүүдэлчин соёл, язгуур урлаг, биет болон биет бус өвийг сурталчлах, Монгол Улсын язгуур дүр төрхийг тодруулж, ард түмнийхээ итгэл үнэмшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг өрнүүлэх, тэдгээрийг дэлхийн улс орнуудад урт хугацаанд, давтамжтайгаар сурталчлан таниулах ажлын эхлэлийг тавиад байна. Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа хэдий ч эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныгсудалгаанд тулгуурлан тогтоох нь хамгийн чухал юм. Бид урьдын адил тойрч зугтахгүйгээр хямрал хүндрэлтэйгээ нүүр тулж, нүцгэн гараараа ч хамаагүй тэмцэх ёстой. Энэ тэмцэлд ялахад бүх эрсдлийг тооцсон, үр дүнг урьдчилж харсан тооцоо судалгаа хэрэгтэй. Хэрвээ бид бодлого шийдвэр бүрээ тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргавал бүх эрсдэл маань боломжоор солигдоно. Эрсдэл боломжоор солиход Монголын үндэсний брэндийн зөвлөл их үүрэг гүйцэтгэнэ, ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Ерөнхий сайд үг хэлсний дараа МҮБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл “Монголын үндэсний брэндийн одоо ба ирээдүй”, “Эделман Кореа” компанийн Гүйцэтгэх захирал Квон Шин Ил “Брэндийн өрсөлдөөн” сэдвээр илтгэл танилцуулсан.
МҮБЗ-ийн хувьд Монголын Улсыг илэрхийлэхүйц Үндэсний брэндийн түлхүүр үг, язгуур дүр төрхийг тодруулахын тулд дэлхийн 30 гаруй оронд салбартай томоохон компанитай хамтарсан судалгаа хийж байгаа аж. Энэ 9 дүгээр сарын сүүлээр Түлхүүр үгийг тодруулах бол 12 дугаар сард Язгуур дүр төрхөө тодруулах юм байна. Ингэснээр ирэх жилийг "Монгол Улсыг дэлхийд зарлах жил" болгон зарлаж, Монголын талаар мэдээлэл түгээх үндсэн үйл ажиллагаа эхлэх аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ