Хятадын компаниудын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг Вашингтоноос шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-23 17:49:27
БЭЭЖИН. /Reuters/. Хятад болон Оросын компани, иргэдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ хүчингүй болгохыг БНХАУ-ын ГХЯ АНУ-аас шаардлаа. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлж байгааг зогсоох хүчин чармайлтын хүрээнд Вашингтон Хятад болон Оросын 10 компани, 6 иргэний эсрэг энэ долоо хоногийн мягмар гарагт хориг арга хэмжээ авсан билээ.

Үүнтэй холбогдуулан Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чиньин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “АНУ өөрийн дотоод хуулиараа өөр улс орны эсрэг дангаар хориг арга хэмжээ авч байгааг манай улс эрс эсэргүүцэж байна. Умард Солонгостой холбоотой гэх шалтгаанаар Хятадын компани болон иргэдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ нэн даруй хүчингүй болгохыг Вашингтоноос шаардаж байна” гэлээ.

Хэрвээ манай улсын компани болон иргэд НҮБ-ын тогтоолууд, олон улсын хуулийг зөрчсөн бол бид өөрсдөө тэднийг шийтгэх болно гэж тэрбээр цохон тэмдэглээд “АНУ-ын хориг арга хэмжээ нь Вашингтон ба Бээжин хоорондын харилцан итгэлцэлд сэв суулгахаас хэтрэхгүй бөгөөд Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэв.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ