Автобусны тоормос эвдэрснээс томоохон осол гарахыг шахав

Монголын мэдээ | Хууль
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:19:10

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр 33 зорчигч тээвэрлэж явсан 23-41 УНБ улсын дугаартай МУИС-Дүнжингарав чиглэлийн том оврын автобусны тормос гэнэт ажиллагаагүй болсны улмаас замын хажуу руу орж, осолдох дөхжээ.

Онцгой байдлынхныг очиход автобус баруун талаараа 45 градус хазайсан, зорчигчид нь гарч чадахгүй, хөдөлвөл автобус замын хажуу руу уначих гээд байсан байна. Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, автобусыг зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор бэхэлж, тусгай багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн "Ати-бус" ХХК-ны эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж, баруун урд хаалгаар зорчигчдыг аюулгүй гаргажээ. Аврах ангийн эмч нар зарим иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд