Н.Халиуны уран бүтээлээс түүний дотоод ертөнцийг мэдэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-04 17:47:26

Хөгжмийн зохиолч, найруулагч  СТА Н.Халиуны “Халиуны ертөнц” уран бүтээлийн тоглолт энэ сарын 13, 14-нд  “UB palace”-ийн концертын танхимд болно.

Монголын рок поп хөгжмийн урлагийн дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмын 7 удаагийн шагналт тэрбээр 1992 оноос хойш 23 жилийн турш дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюссерээр дагнан уран бүтээл туурвижээ. Энэ хугацаанд 100 гаруй дуу зохиож, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, 7 кино жүжгийн хөгжим бичжээ.  Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ тоглолт түүний анхны тоглолт гэдгээр онцлогтой.  Тэрбээр, “Чанартай уран бүтээл хийж, тэр бүтээл маань тодорхой хугацааг өнгөрөөж, би өөрөө тоглолт хийх хэмжээний уран бүтээлч болсон цагтаа л... гэж явсаар өдийг хүрлээ” гэв. Мөн  түүний дотоод ертөнцийг  хөгжмөөр дамжуулан  үзэгчдэд хамгийн ойр хүргэх тоглолт болно гэдгийг хэлж байв.

Тоглолтын зохион байгуулагчаар “Bros” рекордс, тоглолтын найруулгыг “On” n Off”  продакшн гүйцэтгэж байгаа аж. Тоглолтод “Харанга”, “Камертон”, “Номин талст”, МУСТА Б.Чинбат, Б.Мягмарсүрэн, Э.Минжинсор, Л.Байзада нарын 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөх юм.

Тоглолтын тасалбар нь 25-35 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ