С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-08-02 12:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын  Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулав.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө.

Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна.

С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан.

Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй” гэлээ. 

Ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль хүртсэний дараа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн сэтгэгдлийг сонссон юм.

-Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
-Хөдөлмөрийн баатар цол хүртсэндээ баяртай байна. Намайг анх чөлөөт бөхөд алхаж оруулсан, бөхийн эрдмийг зааж сургасан багш нартаа, шигшээ багийн багш нартаа маш их баярлалаа. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн аав ээждээ, эмээ өвөөдөө, ах эгчдээ, гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье.

-2005 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Өнөөдрийн байдлаар бага зэрэг чамлалттай байна. Цаашдаа өөрийнхөө бодож санасныг биелүүлэхийн төлөө хичээж ажиллах болно.
 
-Хамгийн ойрын зорилго юу байна вэ?
 
-Манай багийнхан Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гарсан. Би эмчилгээтэй байгаа учир түр хугацаанд бэлтгэлд хамрагдаагүй байгаа.  Хамгийн ойрын зорилго маань 2018 оны тэмцээнүүдэд бэлтгэх явдал юм. Цаашлаад 2020 оны олимпийг харж байна даа.

-Тэгэхээр таны өмнө олимп байгаа байх нь ээ?

-Байгаа.
 
-Анх Хөдөлмөрийн баатар цол олгох болсон тухай зарлигийг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Би Европт эмчилгээтэй байсан. Даваа гаригийн өглөө сэрээд утсаа нээтэл олон дуудлага ирсэн байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, Монголд яаралтай ирэх хэрэгтэй гэсэн байсан. 
Б.Туул
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд