БНХАУ, Франц уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-11-03 11:38:49

БЭЭЖИН. /NHK/. Удахгүй болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын гэрээ байгуулахад хамтран ажиллахаар БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тохиролцов.

Төрийн хоёр тэргүүн өчигдөр Бээжин хотноо уулзалт хийсэн байна. Энэ сарын 30-нд нээлтээ хийх НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын /COP21/ бага хурлыг Франц нийслэл Парис хотдоо зохион байгуулна.

Уг хурлаар 2020 оноос хойш хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын шинэ тогтолцоог бий болгохын төлөө төлөөлөгчид ажиллана. Талууд шинэ тогтолцоог санал нэгтэй баталснаар бүх орон үүнийг дагаж мөрдөх юм.

Улс орнууд хүлэмжийн хийг бууруулах зорилтоо таван жилд тутамд эргэн хянах шаардлагыг шинэ тогтолцоонд оруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн гэж хоёр удирдагч дээд хэмжээний уулзалтынхаа дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурдаад, 2050 он гэхэд нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийг хөгжүүлэх үндэсний стратегиудыг ирэх таван жилд багтаан танилцуулах зорилго тавьснаа мэдэгджээ.

Бидний энэ мэдэгдэл эерэг мэдээг түгээх зорилготой бөгөөд бага хурлаа амжилттай зохион байгуулахын төлөө хоёр улс нягт хамтран ажиллана гэж Си Зиньпин мэдэгдэв. Харин Франсуа Олланд дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орны амлалтыг таатай хүлээн авч, COP21-д БНХАУ-ын гүйцэтгэх үүрэг  маш чухал юм гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ