Баян-Өлгий аймгийн 915 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-06 11:22:35
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад тус аймгийн 915 иргэн 76 хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд санал авах ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 08:00 цагт эхэллээ.

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтад эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлэл технологийн даамлын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар хуульчилсан юм.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа орон нутгийн цагаар 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.    

Ө.Нурболат 
Холбоотой мэдээ