Арвайхээрийн гэрэлтүүлэгт 400 гаруй сая төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:53:11

Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Орон нутгийн хөгжлийн сангийнхаа 441 сая төгрөгийг хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажилд зарцуулж байна. Үзэмж, чанарыг бодолцож хотын төвийн гэрэлтүүлгийг лед толгойгоор сольж байгаа ба тэндээс гарсан хуучин гэрэлтүүлгийг гэр хороололд шилжүүлж байгаа юм.  

Иргэдээс 70321111 утсанд “Гэрэлтүүлэг өдрөөр асаад шөнө нь асахгүй байна. Зарим газар гэрэлтүүллэггүй байна” гэх гомдлыг тавьсаар байгаа бөгөөд энэ талаар Арвайхээр хотын ТҮК-ийн дарга н.Лхам-Оролмаагаас тодруулахад “Зарим багт гэрэлтүүлгийн шинэчлэлийн ажил хийгдэж дуусаагүй байгаа учраас туршиж үзэх гэж өдрөөр асаадаг. Гэрэлтүүлэг шинэчлэлийн ажил 11 сарын 10 гэхэд дуусна. Тэр үеэс жигдэрч, оройны 18 цагаас өглөөний 07 цаг хүртэл асах болно” гэсэн хариултыг өглөө.

Энэ зун тус сумын зарим багуудад 3 гаруй км авто зам тавигдсан тул гэрэлтүүлгийг шинээр нэмж суурилуулах ажил хийгдэж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ