ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-25 08:51:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс гурван жилийн хугацаатай ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт тавьсан билээ. Нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилттэй уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авбал ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох бөгөөд эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгохоор урьдчилан тохиролцсон юм.

Нийт 5.5 орчим тэрбум ам.доллараас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан бол ОУВС-гаас гадна Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй/ амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. 

Монгол Улсын уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Хурлаар Монгол Улсын хүсэлтийг хүлээн авах шийдвэр гаргасан бөгөөд хурлыг ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард удирдан явуулсан аж.

Хурлын шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулахаар Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр боллоо. 



ОУВС нь 189 гишүүн оронтой бөгөөд Захирлуудын зөвлөл нь нийт гишүүдийн саналаар сонгогдсон 24 захирлаас бүрддэг юм. Захирлуудын зөвлөл долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, гишүүн орнуудын хүсэлтийг хэлэлцэх болон бусад асуудлаар шийдвэр гаргадаг. Өчигдөр болсон хуралдаанд Монголоос гадна Индонези, Гана улсын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэжээ. 
Н.Гантуяа

 
Холбоотой мэдээ