Бродвейн театрууд 1,5 тэрбум долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-24 10:35:46
НЬЮ-ЙОРК./TASS/. Бродвейн театруудын жилийн орлого бараг 1,5 тэрбум долларт хүрсэн тухай “The Broadway League”-ийн мэдээлэлд дурджээ.

Театрын салбарын 700 гаруй ажилтнуудыг нэгтгэдэг тус холбооны мэдээлснээр, 2016 оны 5 дугаар сарын 29-нөөс 2017 оны 5 дугаар сарын 21-ний хооронд Бродвейн театруудын тоглолтуудыг 13,27 сая хүн үзсэн ба тасалбарын орлого нь 1,45 тэрбум долларт хүрчээ. Энэ үзүүлэлт нь орлогыг тооцох болсноос хойших 30 гаруй жилийн хугацаан дахь дээд амжилт болж байгаа юм.

Театруудын орлого өнгөрсөн оны тайлант хугацааныхтай харьцуулахад 5,5 хувиар өсчээ. 2015-2016 оны театрын улиралд энэ үзүүлэлт 1,37 тэрбум доллар байсан бол үзэгчдийн тоо 13,32 сая байв. “The Broadway League”-ийн цахим хуудсанд нийтлэгдсэн тоон мэдээллийг үзвэл, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Бродвейн театруудын ашиг тогтмол өссөөр байна. Тухайлбал, 1990 онд нийт орлогын хэмжээ 250 сая доллар байсан бол 2000 онд 500 сая орчим, 2010 онд 1 тэрбум гаруй доллар болж нэмэгджээ.
О.Барс 

 

 

 

 


Холбоотой мэдээ