Украин ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хоригоо зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММосква /МОНЦАМЭ/Энэ сарын 16-ны өдөр Украин ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хоригоо зарлалаа.
Тодруулбал ОХУ-ын томоохон олон нийтийн сүлжээ “ВКонтакте”, “Одноклассники”, “Mail.Ru”, “Яндекс” хайлтын систем, “Касперский” антивирусын программ тэргүүтэй хэд хэдэн сүлжээг Украйн улсын нутаг дэвсгэр дээр ашиглахыг хориглолоо.
Энэ тухай мэдээллийг Украин улсын Ерөнхийлөгч В.Порошенко өөрийн “ВКонтакте” цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр “Украинд дэлгэрсэн Оросын олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зогсоох нь Украины ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй үйлдэл юм” гэжээ.
Энэхүү хоригийн төслийг Украин улсын Ерөнхийлөгч В.Порошенко 48 цагийн дотор баталсан бөгөөд энэ сардаа багтаж хүчин төгөлдөр болох ажээ.
ОХУ-ын олон нийтийн сүлжээг Украйны нийт хүн амын 60 хувь буюу 26 сая хүн хэрэглэдэг. Өдөрт 13 сая хүн “ВКонтакте”, 5 сая хүн “Одноклассники”, 11 сая хүн “Яндекс” хайлтын системийг ашигладаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Энэхүү хоригийн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков “Энэ бол маш алсын хараагүй шийдвэр. Украины дайсагнал үргэлжилсээр байна. Мэдээж бид хариу арга хэмжээ авна” хэмээв.
Дашрамд дурдахад Украины Оросын эсрэг авч буй хоригийн жагсаалтад ОХУ-ын улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, сэтгүүлчид гээд 2000 гаруй хүн түүнчлэн 500 гаруй байгууллага, хуулийн этгээд багтаж байгаа аж.
Москва хот
Л.Нандинцэцэг