Хуучин хавтанг ашиглаж 23 байршилд явган хүний зам засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-14 10:51:51

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж буй.


Энэ хүрээнд явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч, тохижилтын ажилд ашиглаж байна. Үүнд, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны “Ган Палас” орчимд төв замаас гарсан хуучин хавтангаар явган хүний зам талбайг засварлаж байна. 


Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ, “Нийслэлийн дүүргүүдэд хуучин явган замаас хуулж авсан ашиглах боломжтой хуучин хавтангуудаар тохижуулах ажлыг хийж байна. Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж дахин боловсруулалтад оруулж байна” гэв.


Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, “Баянгол дүүргийн хэмжээнд шинээр 11 байршилд явган замын ажил төлөвлөсөн. Төлөвлөсөн хугацааны дагуу найман байршилд хийж буй явган замын ажлыг дуусгаад байна. Үлдсэн гурван байршилд явган замын ажил есдүгээр сард бүрэн дуусна” хэмээв.


Түүнчлэн байгалийн чулуугаар шинэчилж буй явган замаас хуулсан хуучин хавтангийн эвдэрч гэмтээгүй хэсгийг ашиглан дүүргийн хэмжээнд орон нутгийн байгууллагыг дэмжин 23 байршилд 1520 ам.метр явган зам болон ус тогтдог хэсгүүдэд зам талбайг засварлан шинэчилж байгаа ажээ.


 

Холбоотой мэдээ