Өмнөговь аймаг 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-13 16:47:45

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13  /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад зөвшөөрлөө. 

 

Аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт, аймгийн үнэт цаас гаргах замаар төвлөрүүлсэн хөрөнгийг энэ тогтоолд заасан зориулалтын дагуу зарцуулж, үнэт цаасны эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусгах арга хэмжээ авч, хуваарьт хугацаанд төлж барагдуулахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад тус тус даалгав.


Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан бол 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирсан, 30.6 сая кВт.ц хэрэглээг даахуйц, үлдсэн хэрэглээг төвийн эрчим хүчний системээс хангаж байгаа нь найдвартай бус. Иймд өсөж буй хэрэглээг хангах хүрээнд 50МВт-ын хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих шаардлага үүсээд байгаа аж.


Уг станц нь зөвхөн Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Өмнөговь бонд гаргаж буй анхны аймаг болж байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ