ХОВД: Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 250 хүүхэд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд
аймаг хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тус
хөтөлбөрийн хүрээнд Дуут сумын нутагт байрлах "Нэвт" рашаан сувиллын газарт гурван
ээлжээр 250 хүүхэд хүлээн авчээ.
Зуслангийн
нэгдүгээр ээлж “Хүүхэд-Хайр-Ирээдүй”, хоёрдугаар ээлж “Монгол хүүхэд”, гуравдугаар
ээлж “Тэгш оролцоо хязгааргүй боломж” гэх уриалга дэвшүүлж, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулсан юм.
Тодруулбал, байгаль орчинтой танилцах явган аялал, сар болон од дурандах аялал зохион байгуулж, малчны гэрт зочлох, гэр барих, цагаан идээ бэлтгэх, ямаа саах зэргээр монгол ахуйг сурталчилсан нь хүүхдүүдэд сонирхолтой байв.
Мөн хүүхдүүд зусланд амрахын зэрэгцээ урианхай сурын харваа, тууль хайлах гэх мэт уламжлалт өв соёлтой танилцаж, хөгжөөнт тоглоом тоглох, дасгал хийх, зураг зурах, урлагийн үзүүлбэр сонирхуулах зэргээр дурсамж бүтээжээ.
Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь энэ оны долоодугаар сарын 25-нд эхэлж, наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд хүүхэд тухтай байхад анхаарч, тэдний мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэхийг зорьсон юм. Энэ хугацаанд мэргэжлийн багш, чиглүүлэгч, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан гээд 20 гаруй хүн хамтран ажиллав.
Уг хөтөлбөрийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас жил бүр хэрэгжүүлдэг.