Г. Батжаргал: Үндэсний хувцасны урлал технологио л бид бусдаас "харамлах" ёстой гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-18 09:31:58
Дундговь/МОНЦАМЭ/ Нийтийн ахуй үйлчилгээ гэж томоохон үйлдвэр, үйлчилгээний төв аймаг бүрт байгаад ерээд оны эхэнд тарж бутран, үүд хаалгаа хаасан байдаг. Тэр үйлдвэрийн оёдолчин бүсгүйчүүд өнөөдөр ч мэргэжлээ орхиогүй, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн эгнээнд алхаж явдаг юм. Тэдний нэг “Үйлчин” бүлгийн ахлагч Монгол Улсын мастер оёдолчин Г. Батжаргалтай ярилцлаа.
 
-       Олон төрлийн ажил мэргэжлийн хүнтэй ярилцаж байсан ч оёдолчин хүнийг зорьж яваа маань эхний тохиолдол юм байна гэж ирэх замдаа бодлоо. Эгэл нэгэн оёдолчны ажил хөдөлмөрийн зам мөрөөр алхахыг хүссэнээ юун түрүүнд танд хэлье. Учир иймээс бидний яриа  он цагийг эхнээс нь хөвөрдөж,  ажил хөдөлмөрийн тань гараа хэрхэн эхэлж байснаас эхлэх нь зохилтой болов уу?
-       Баярлалаа. Би Дундговь аймгийн Говь- Угтаал сумын хүн. Аав, ээж хоёр маань арван хүүхэд төрүүлж өсгөсөн. Гурван охинтой. Би дунд охин нь. Миний нөхөр цэргийн хүн. Аймгийн Цэргийн штабын даргаар ажилладаг. Хоёр хүү, нэг охинтой. Ийм л жирийн  айл даа, манайх. Оёдолчин болохын тухайд, энэ бол миний өөрийн л сонголт байсан. Охин хүүхдээ хөх зүү хөндлөн хөшдөг, үйл үртэст дүйтэй болгох монгол айлын тэр л дэг жаягаар ойр зуурхан юм оёх дөр хүүхэд байхад л суусан. Миний ээж одоо 85- тай. Хүүхэд байхдаа юм оёж байгаа хүнийг ажиж харсаар байгаад сурсан, хэн ч зааж өгөөгүй, та нар ч гэсэн ингэж оёж шидэж сур гэдэг байлаа. Эгч маань хүүхэлдэйн хувцас их оёно. Би ч бас ойр зуур оёж хатгадаг. Тэр сонирхол маань сарнихгүй явсаар 1977 онд Говь- Угтаал сумынхаа дунд сургуулийг төгсөөд Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд орж, оёдолчны мэргэжлээр хоёр жил гаруй сурсан. Төгсч ирсэн даруйдаа аймгийн ахуй үйлчилгээний төвийн захиалга хувцасны тасагт хуваарилагдаж, оёдолчноор ажиллаж эхэлсэн юм. 1979 онд шүү дээ. Тэгээд 1990 оны эхэн хүртэл л нийтийн ахуй үйлчилгээний төвдөө ажилласан. Ажил амьдралын ийм л энгийн намтартай хүн байгаа юм аа, би.
-       Тэр үе бол төлөвлөгөө биелүүлж ажилладаг, үйлдвэрлэлийн ид үе...  
-       Тэгэлгүй яахав. Барилга трест, Нийтийн ахуй үйлчилгээний төв бол ажил хөдөлмөр нүргэлсэн том талбар байлаа шүү дээ. Манай үйлдвэр гэхэд 3 ээлжээр ажилладаг. Үйлдвэрлэл зогсоно гэж үгүй. Аж үйлдвэрийн гол цөм л болж байлаа. Оёоод гаргасан бүтээгдэхүүн стандарт хангаж байгаа эсэхийг шалгадаг, улсын чанарын үзлэг гэж явагддаг байсан болохоор оёдолчид дор бүрнээ л гологдол гаргахгүйн төлөө мэрийдэг, тэр хэрээр мэргэжилдээ гаршдаг байсан гэж би боддог. Тэр ч үүднээс одоо бидний гараас яг л тийм бүтээгдэхүүн гардаг. Энэ  нь захиалагчдын маань санаанд нийцэж чаддаг, эрэлт хэрэгцээ буурдаггүйн гол шалтгаан болдог байх.Тэр үед оёсон бүтээгдэхүүн маань улсын чанарын уралдаанд нэгдүгээр байр эзэлж байлаа. Тасгийнхаа, үйлдвэрийнхээ тэргүүний аварга ажилчин болж байсан. Ингээд ярилцаад суухад энэ бүхэн саяхан юм шиг санагдлаа.
-       Нийтийн ахуй үйлчилгээний төв үүдээ барих үед ажилчид хэрхэн хүлээн авч байв, тэр үеийн талаар та яриач?
-       1990 он гарахад л хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн шүү дээ. Мэдээж амаргүй үе. Тэгэхэд ахуй үйлчилгээний шинэ төв ашиглалтад ороод дөнгөж л арваад жил болчихсон. Оёдол, эсгүүр, захиалга хувцас, хими цэвэрлэгээ, үсчин, гутал зан гээд үйлдвэрлэл үйлчилгээ төрөлжчихсөн байлаа. 90 он гарангуут л ганхаж эхэлсэн. Тасаг тасгууд ерөнхийдөө хоршооны зохион байгуулалтад орж, хувьцаагаа нийлүүлэх маягаар ажилладаг боллоо. Манай захиалга хувцасны тасаг ч “Орхон” нэртэй хоршоо болж, 15- 16 оёдолчинтой үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хоршоондоо би чанар хариуцсан бригадын даргаар ажилласан юм.Зах зээлийн шилжилтийн үе эхэлж байхад уг нь тэр их зөв зохион байгуулалт байсан гэж би боддог. Гэтэл 3 жил хэртэй дажгүй ажиллаж байтал аймаг гэрэл цахилгааны гачаалд орж, бид үйлдвэрлэлээ явуулах ямар ч боломжгүй болсон юм. Үйлдвэрлэл доголдоод ирэхээр захиалга ч ирэхээ больж, хоршоо тарахаас өөр аргагүйд хүрсэн. Ингээд 1994 оны аравдугаар сард шиг санаж байна, манай хоршооны  оёдолчид эд хөрөнгөө хувааж аваад аргагүй эрхэнд тарсан даа. Эд хөрөнгө гэж оёдлын машин, үлдэгдэл даавуу материал голдуухан. Миний хувьд 12 ширхэг хувьцаа нийлүүлсэн нь олонд тооцогдож байсан болохоор бага зэрэг ахиу материал ногдож билээ. Мотоциклийн сэвчаа хүртэл л ногдож байлаа шүү дээ. Байгаа бүхнээ л хуваарилж өгөөд л тарж байсан. Бас ч харамсалтай үе байсан шүү.
-       Нижигнэсэн том үйлдвэр хаагдлаа. Үндэс сууриа сахиж үлдсэн хоршоо бас тарчихлаа. Одоо тэгээд цаашдаа яахыгаа хэрхэн төсөөлж байв, тухайн үед?
-       Ямар ч байсан нөхрөө дагаад Өмнөговь явсан. Тэр үед Өмнөговь аймаг гэрэл цахилгаантай байлаа. Өөрт ногдсон даавуу материалаараа хувцасны захиалга авч гэртээ суугаад оёж үзлээ. Тун дажгүй. Захиалга ч овоо ирж, даавуу маань ч дуусах тийш хандсан. Тэгээд 1996 он дөхүүлээд аймагтаа ирсэн юм. Төд удалгүй тэр ондоо аймаг маань өндөр хүчдэлд холбогдож, гэрэл цахилгааны байнгын эх үүсвэртэй ч боллоо. Ингээд л гэрийн  үйлдвэрлэлээ тууштайхан эхлүүлсэн дээ.
-       Тэр үеийн оёдолчид бараг бүгд л энэ маягаар замнасан байх аа даа?
-       Тийм шүү. Гэртээ суух нь сууж, энд тэнд жижиг өрөө байр түрээслэх нь түрээсэлж ажилладаг болсон. Миний хувьд ч гэсэн үйлдвэрлэлийн байртай болъё гээд 1998 онд байна уу даа, “Баянговь” ХХК- ийн байранд нэг өрөө түрээсэлж, эсгүүрчин Бадамханд, оёдолчин Ц.Отгонцэцэг нартай хамт захиалга хувцасны оёдлын цех байдлаар ажилласан юм. Тэр үед Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс богино хугацаагаар мэргэжил олгох сургалт хийдэг болоод байсан үе. 45 хоногоор оёдолчны мэргэжлийн сургалтад охидуудыг суралцуулж, мэргэжлийн үнэмлэх олгох анхны сургалтыг МСҮТ явуулсан юм. Тэр сургалтаар төгссөн нэг охиныг дэргэдээ авч ажиллуулсан. Нэг талаар сургаж дадлагажуулах, нөгөө талаар ажлын байраар хангасан гэх үү дээ. Тэр үед энэ бол шинэлэг санаа болж байсан шиг санагддаг юм.
-       Захиалга төвөггүй олдоно биз дээ?
-       Захиалга хувцасны тасагт ажиллаж байсан болохоор ч тэр үү захиалга маш сайн ирнэ. Гэхдээ одоог бодвол тэр үед хүмүүсийн сонирхсон загвар, жаахан явцуу хүрээнд эргэлддэг байж. Даавуу материалын сонголт ч тааруу. Гэсэн ч захиалга тасрахгүй ирнэ. Цех маань ч нэг хэсэгтээ дажгүй ажилласан.
-       Одоо бол  ямар ялгаа гэх юм уу, давуу тал гэх юм уу, ямар өөрчлөлтийг та тодотгож хэлэх вэ?
-       Хувьсал өөрчлөлт байлгүй яахав. Нийгмийн хөгжлийг дагаж хүмүүсийн хэрэглээнд өөрчлөлт гарсан. Үүн дундаа хувцас эдлэлийн хэрэглээ улам л дээшилж байна. Загвар, өнгө, даавуу материалын хувьд маш өргөн сонголт бий болсон. Ийм үед үйлдвэрлэлээ “хуучинсаг” байлгаад байж яавч болохгүй. Эрэлт хэрэгцээг аль болох л гярхай анзаарч хөл нийлүүлж хөгжих шаардлага байнга гарч ирнэ. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хувцасны эзлэх хувь өндөр, маш өргөн сонголттой болчихсон ийм үед захиалга хувцасны үйлдвэрлэл ямар нэг онцлог байдлыг л бий болгож хөгжих хэрэгтэй гэж боддог.  Тиймээс ч бид үндэсний хувцас урлалыг түлхүү авч явахыг хичээж байгаа.
-       Оёдлын цех маань явсаар одоо “Үйлчин” бүлэг болчихоод байна уу?
-       2000 он гартал цех маягаар ажиллаж байгаад эргээд гэртээ нэг хэсэгтээ байршиж үйлдвэрлэлээ явуулсан. Тэгж байтал нөхөр маань Улаанбаатарт ажиллахаар томилогдсон. Гэр бүлээрээ Улаанбаатарт хэдэн жил амьдарч байгаад 4 жилийн өмнө эргээд нутагтаа ирж “Үйлчин” бүлгээ үүсгэсэн. Хотод байхдаа ч захиалгат хувцасаа орхиогүй ээ. Аймагтаа ирээд хуучин ахуй үйлчилгээний төвийн нэг давхарт жижгэвтэр өрөө авсан байсныгаа тохижуулж засаад эндээ төвхнөж, үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна даа.
-       Төр нэг хэсэгтээ өрхийн жижиг үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж байсан. Дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлийг ч хөнгөлөлттэй зээлээр дэмжлээ. Энэ бүхэн тухайлбал, таны үйлдвэрлэлд хэр сайн дэмжлэг болж чадсан бэ?
-       Дэмжлэг бололгүй яахав. Их том хэмжээгээр зээл авах шаардлагагүйгээр эрхэлж болдог үйлдвэрлэл бол оёдол байдаг. Миний хувьд 2- 3 сая, хамгийн ихдээ 8 сая төгрөгийн зээл авч байсан. Энэ бол ихэвчлэн материал түүхий эдийн эргэлт болдог.  Материалын нэг сайн эргэлтийг бий болгочиход л бүтээгдэхүүн үйлдвэрлэл тогтворжчихдог юм.  
-       Аливаа үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн гэсэн арга технологи гэж байдаг шүү дээ. Оёдолчдод ялангуяа өөрийн гэсэн арга барил тун нарийн шингэсэн байдаг шиг санагддаг. Тийм үү?
-       Тийм шүү. Монгол дээлээ эсгэж, эмжиж оёх ерөнхий нэг технологи байлаа гэж бодоход яавал илүү эвтэйхэн, урлал сайтай болох вэ гэдгийг олон удаа хийх явцдаа анзаарч, сурдаг гэх үү дээ. Эсгэсэн хувцасыг хэрхэн зөв дараалуулж оёх, нэг сантиметрт оёдлын машины хэдэн хатгалт байх ёстой гэдэг ч юмуу, ханцуй, өмдний суудлыг яаж индүүдэхэв гэх зэргээр оёдлын технологи бий. Харин үүн дээр суурилаад олж авсан арга туршлага гэж бас бий. Технологи гэсэнтэй уялдуулаад би нэг зүйлийг хэлмээр санагдлаа.
Өнгөрсөн жил манай аймгийн удирдлагууд жижиг үйлдвэрлэгчдээ Эрээн хотод болсон үзэсгэлэн худалдаанд оролцуулсан юм. Тэнд очоод анзаарч байсан чинь монгол дээлийг маань урд хөршид оёдог болчихсон байна. Монголоос оёдолчид очоод оёод өгдөг гэнэ. Энэ надад буруу санагдсан. Яагаад гэвэл үндэсний хувцасаа урлах тэр технологио зөвхөн бид л авч явах ёстой болохоос биш өөр улс орны, ялангуяа манай зах зээлийн байнгын нийлүүлэгч болж явдаг Хятадын оёдолчдод технологио алдаж болохгүй. Гар урлалтай хослуулж урладаг, хийц урлалын өөрийн гэсэн дэг, хэв маягтай хувцас бол аливаа үндэстний үндэснийх нь хувцас гэж боддог.
-       Хувийн үйлдвэрлэл эрхэлдэг болсноос хойш хэдий тооны хувцас урласнаа та нэгтгэж үзсэн үү? Магадгүй, тэр тоо таны мэргэжлээ орхиогүй хөдөлмөрлөсөн он жилүүдийн нэг үнэлэмж болж харагдаж болох юм.
-       Ер нь ингэж бодож үзээгүй юм байна. Гэхдээ нэг тохиолдлоор зөвхөн албан байгууллага, хувийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын хэдий тооны хувцас оёж байснаа нэгтгэх  шаардлага гараад тооцож үзэж байсан. Тэгэхэд, 1995- 2011 оны  хооронд 20 шахам байгууллагын 500 хүний хувцас оёсон гэж гаргасан юм байна. Үүн дээр бусад захиалгаа нэмбэл багагүй тоо гарах байх аа. Үндэсний дээл гэхэд жилд 200 гаруй хийнэ. Үндэсний загвар шингээсэн даашинз, европ хувцасны захиалга маш олон ирдэг.
-       Оёдолчин мэргэжлийн хамгийн бахархалтай нь юу вэ?
-       Энэ өнгө, энэ загвар эзэндээ ямар гоё зохих бол оо гэж би хувцас оёх бүртээ дотроо төсөөлдөг. Эзэн нь захиалсан хувцасаа өмсч үзээд сэтгэл дүүрнээр баярлалаа гэж хэлэх бүрт мэргэжлээрээ бахархах сэтгэл эрхгүй төрдөг юм. Монгол Улсын мастер оёдолчны цол тэмдэгийг 2 жилийн өмнө зүүж байлаа. Тэгэхэд оёдолчин гэдэг мэргэжлийг сонгож эзэмшсэндээ үнэхээр нэг бахархсан.
 
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ